Архиваас · Дэлхий дахинд

Австралийн өмнөд эрэгт гарсан ойн түймрийн үеэр иргэд ор сураггүй болжээ

· UBS.mn

Австралийн өмнөд эргээр гарсан ойн түймэр хүрээгээ тэлсээр байгаа тухай манай албаны эх сурвалж дамжуулж байна. Тасманий ойд гарсан түймрийн үеэр иргэд ор сураггүй болсон тухай холбогдох албаны хүмүүс мэдээлжээ.

Австралийн өмнөд Тасмань мужийн нутаг дэвсгэрт гарсан ойн түймэр хот тосгодын оршин суугчдад багагүй хэмжээний гарз хохирол учруулж байгаа тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээллэж байсан. Тэгвэл цаг агаарын хэт хуурайшил, салхины чиг, агаарын хэм өндөр байгаагаас ойн түймэр хүрээгээ тэлсээр байна.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээллэж байгаагаар ойн түймэр өнөөдөр, маргааш хүртэл үргэлжилсээр байх хандлагатай байна. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажилласаар байгаа боловч одоогоор зуу гаруй айлын байшин шатаж, нутгийн оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлж байгаа юм. Орон нутгийн цагдаагийн албаны өгсөн мэдээллээр зуу орчим иргэн түймрийн үеэр ор сураггүй болоод байна. Ойг самнаж иргэдийг хайх ажил эхэлсэн ч энэ тухай дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл хараахан ирүүлээгүй байгаа тул иргэд амь насаа алдсан эсэхийг тодруулах боломжгүй байна.

Тасманий Форкет, Хобарт болон Даннеллей тосгоны 120,000 га нутаг дэвсгэр түймэрт автаад байгаа юм.