From the archive · World News

Австралийн ижил хүйстэн улс төрч Испанид хуримаа хийлээ

UBS

Австралийн ижил хүйстэн алдартай улс төрч Иэн Хантер Испани улсад хуримаа хийсэн байна. Австралид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй учир тэрээр хуримаа хийхийн тулд ийнхүү Испанийг зорьсон байна.

Австралийн хөдөлмөрийн намын гишүүн, улс төрч Иэн Хантер удаан хугацааны турш нэг гэрт хамтран амьдарсан жүжигчин Дэйт Семменстэй хуримаа хийж, албан ёсоор гэрлэлтээ батлууллаа.

Тэд эх оронд нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар албан ёсоор хүлээн зөвшөөрөх цаг ирэхийг хүлээж тэсэлгүй, ийм төрлийн гэрлэлтийг 2005 онд хүлээн зөвшөөрсөн Испани улсад хуримлахаар шийдсэн юм байна.

Хэдийгээр тэд амьдралаа холбосондоо аз жаргалтай байгаа ч, эх орондоо гэрлэлтээ батлуулж чадаагүйдээ сэтгэл гонсгор байгаа юм байна.

Тэдний хуримд гэр бүл найз нөхдөөс нь гадна Австралийн зарим улс төрчид оролцжээ.

Усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр, хуримлагч хос Испаний уламжлалын дагуу 17 секундын турш хоорондоо үнсэлцэж, харин ирсэн зочид 17 хүртэл чангаар тоолж хуримыг хөгжилтэй болгожээ.

Австралид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх асуудал олон жилийн турш хэлэлцэгдэж байгаа ч, Франц, Их Британий адилаар энэ гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

Харин Европын орнуудын дунд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Нидерланд, Бельги, Испани, Швед улсуудад хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Иен Хантер нь Австралийн хууль тогтоох байгууллагад ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн анхны улс төрч болж байгаа юм.

Тэрээр ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо хүргэж, хүчтэй тэмцдэг нэгэн юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Австралийн эрх баригч намын гишүүд жил бүр хийдэг үндэсний хуралдаанаараа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийн төлөө саналаа өгч байсан юм.

Гэвч уламжлалт бус энэ гэрлэлтийг Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард эрс эсэргүүцдэг юм.

Энэ оны 9 дүгээр сард Австралийн төлөөлөгчдийн танхимд явуулсан хэлэлцүүлгээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг 48 нь дэмжиж, 98 нь эсэргүүцсэн байна.