From the archive · Politics & Elections

Тайландын арми болзошгүй эсэргүүцлийн ажиллагааг дарахаар бэлтгэж байна.

UBS

Тайланд улсын армийнхан өнгөрсөн 5 дугаар сарын 22 нд гарсан төрийн эргэлтээ хамгаалахын тулд олон мянган цэрэг цагдааг Бангкок хотын гудамжуудаар байрлуулж, хамгаалалтыг чангатгаад байна. Сүүлийн өдрүүдэд нийслэл Бангкок хотын зарим хэсэгт цэрэг армийнхныг эсэргүүцсэн жагсаал тэмцэл гарч болзошгүй дүр зураг ажиглагдсан учраас аюулгүй байдлын хамгаалалтыг ийнхүү сайжруулж байгаа гэж тайлбарлаж болох юм.

Тайланд улсын албаны хүмүүс нь Бангкок хотноо олон мянган цэрэг цагдааг эргүүлд гаргахын зэрэгцээ, томоохон замын уулзаварууд, галт тэрэг метроны буудлуудыг түр хааж, аюулгүй байдлын үүднээс гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Олон улсын анхаарлын төвд очоод байгаа Тайландын цэрэг армийн удирдлагууд арилжааны бүх телевизүүдийн эфирийг хязгаарлаж, армийн мэдэгдлийг явуулахын зэрэгцээ гадны хэвлэл мэдээллийн байгууллагаас эхэндээ зайгаа барьж байсан юм.

Гэвч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Тайландын армийнхан анх удаа олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагынхныг хүлээн авч уулзахдаа төрийн эрх мэдлийг удаан хугацаанд хадгалаад байх сонирхолгүй гэдгээ ил тодоор мэдэгдсэн. Хэдийгээр ингэж хэлж байгаа ч, чухам хэзээ улс орондоо чөлөөт ардчилсан сонгуулийг явуулах талаар тоймтой хугацаа хэлэхээс татгалзсан юм.

Ямартай ч, энэ үйл явдлаас хойш Тайланд улсын цэргийн хунтын удирдагчид олон улсын анхаарлын төвд очоод байна. Тэгвэл Тайландын цэргийн хунтын удирдагч, түр ерөнхий сайдаар ажиллаж байгаа армийн генерал Прают Чан Оча саяхан хийсэн мэдэгдэлдээ, хэрэв нөхцөл байдал гайгүй байвал, тэр дундаа армийн хүсч буй шинэчлэл, энх тайвныг тогтоож чадвал Тайланд улсад нэг жилийн дотор сонгуулийг явуулна гэсэн байна.

Түүний үгнээс харахад Тайланд улсад ойрын нэг жилийн хугацаанд ардчилсан сонгууль явагдахгүй ч байж мэдэхээр байгаа юм. Ингэснээр цэргийн хунтын удирдлагууд өөрсдийн эрх мэдлийг хадгалсаар байх дүр зураг ажиглагдаж байна.

Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй нь: Тайланд улсын армийг ард түмний талас илүү буюу олонхи нь дэмжиж байгаа гэж болно. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тайландын армийг үйлдлийг буруутгаж, ард түмэнд нь санаа зовж байгаа гэсэн боловч, бодит байдал дээр Тайландчууд өөрсдөө Инглак Шинаватрагийн засгийн газарт дургүй байсан нь интернетийн сайтууд, нийгмийн харилцааны сайтууд дээрхи Тайландчуудын хандлагаас ажиглагдаж байна.