Архиваас · Дэлхий дахинд

Австрали: Уран агуулсан гэрлийн бүрхүүлээр үзэсгэлэн гаргажээ

UBS.mn

Өнгөрсөн онд Японд болсон газар хөдлөлт, цунами нь цөмийн осол дагуулж, улмаар цөмийн эрчим хүч аюултай гэдгийн нэг тод жишээг дэлхий нийтэд харуулсан билээ. Тэгвэл Австралийн хоёр уран бүтээлч, цөмийн үйлдвэртэй улс орнуудын эрх баригчдад, цөмийн эрчим хүчээс татгалзахыг өөрсдийнхөө бүтээлээр дамжуулан уриалж байгаа юм байна.

Австралийн уран бүтээлчид болох Жулиа, Кен Ёнетани нар цацраг идэвхит материал ашигласан бүтээлээрээ Сидней хотод үзэсгэлэн гаргажээ. Тэд жинхэнэ уран агуулсан 31 чийдэнгийн бүрхүүлийг үзэсгэлэндээ тавьжээ.

Бүрхүүлийн шилэн чимэглэл бүр нь бага хэмжээний уран агуулсаныг эхнэр нөхөр уран бүтээлчид ярьж байна.

Уран бүтээлч Жулиа Ёнетани:

“Энэ бүрхүүлүүд үнэхээр цацраг идэвхит бодис агуулсан. Гэхдээ маш бага хэмжээгээр. Гэхдээ хэт ягаан туяаны гэрэл урантай нийлээд ийм гоё ногоон өнгийг ялгаруулж байгаа юм. ”

Уран агуулсан чийдэнгийн бүрхүүл бүр янз бүрийн хэмжээтэй юм байна. Энэ нь улс орнуудын цөмийн үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадлыг нь илтгэж байгаа юм байна.

Тухайлбал хамгийн том цөмийн үйлдвэртэй АНУ-ыг хамгийн том хэмжээтэй гэрлийн бүрхүүлээр дүрсэлжээ. АНУ-ын араас Франц, Япон улсуудын гэрлийн бүрхүүлүүд тавигджээ.

Энэхүү өвөрмөц үзэсгэлэнг ирж үзэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг уран бүтээлчид нь хэлж байна. Уран нь шилний дотор агуулагдаж байгаа учир аюулгүй юм байна. Цөмийн эрчим хүчээс татгалзахыг уриалсан энэ үзэсгэлэнг дараа нь Японд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.