From the archive · Natural Disasters & Climate

Австралийн Порт Маккуори хотын эрэг далайн хөөсөнд хучигджээ

UBS

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужын эрэг далайн хөөсөнд хучигдаж байгалийн үзэсгэлэнт өнгө төрхийг бий болгоод байна. Цас шиг хөвсийж буй далайн хөөс нь иргэдэд цагаа зугаатай өнгөрүүлэх боломжийг олгож байна.

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн зарим хэсэгт үер усны гамшиг нүүрлээд байгаа энэ үед тус мужын Порт Маккуори хотын эрэг далайн хөөсөнд бүрхэгдээд байна. Энэ ховор үзэгдлийн гэрч болж буй иргэд далайн хөөстэй усанд сэлж, зарим нь эргийн хуурай газрыг хучсан хөөсөн дунд тоглож гэр бүл найз нөхдийнхөө хамтаар цагийг зугаатай өнгөрүүлж байна.

Шинэ Өмнөд Уэльстэй залгаа орших Квинслэнд мужын эргийн ойролцоох авто зам мөн л далайн хөөсөнд хучигдсан нь, замын хөдөлгөөнд хүндрэл учруулаад байгаа юм байна.

Порт Маккуори хотод үерийн гамшиг нүүрлэж магадгүй гэдгийг албаныхан анхааруулж байсан ч, бороо орох нь багассан учир энэ аюул ард хоцроод байгаа юм байна.

Австралийн үерт 4 хүн амиа алджээ

Харин Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон Квинслэнд мужуудад олон хоногийн турш орсон аадар бороо нь өнгөрсөн 7 хоногоос хойш үер усны гамшиг дагуулж, нэлээдгүй хохирол учруулаад байгаа билээ.

Зарим хэсэгт үерийн усны түвшин хагас метрт хүрч, 4 хүн амь насаа алдсаны дунд 3 настай хүү байгаа юм.

Үерт хамгийн ихээр нэрвэгдсэн Бандаберг хотын 1500 гаруй оршин суугчийг нисдэг тэргээр аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, түр хорогдох газруудад байршуулсан байна.

Тус хотын томоохон гол эргээсээ хальж, шавартай хүчтэй урсгал хотын гудамж талбайд хүч түрэн орж ирж, айлуудын байшинг урсгасан байна.