From the archive · Sports & Major Events

Австрийн иргэн дуунаас хурдан газардсан анхны шүхэрчин боллоо

UBS

Австрийн шүхэрчин Феликс Бомгартнер дэлхийн агаар мандлаас гарч, эргэж эх дэлхийдээ шүхрээр буусан нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан гайхамшигтай үйл явдал болсон юм. Тэрээр дуунаас хурдан газардсан анхны шүхэрчин болж байна.

Австрийн шүхэрчин Бомгартнер цэргийн албанд байхдаа шүхрийн ангид алба хаажээ. Цэргийн албанаас халагдсаныхаа дараа шүхрийн аюултай үзүүлбэрүүдийг хийх болсноор олонд танигдсан юм. Бомгартнерыг “аймшиггүй чин зоригт Феликс” гэж дууддаг бөгөөд шүхэрчин Жое Киттингерийн 1960 онд гаргаж байсан амжилтыг эвдэхээ амлаж байсан удаатай.

Чин зоригт Феликсийн энэ удаагийн гаргасан амжилт сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд давтагдаж байгаагүй гайхалтай үзүүлбэр болсон юм. Дэлхийн хүн төрөлхтний нэг нь ч “дуунаас хурдан” гэсэн амжилтыг тогтоож байгаагүй юм. Феликс Бомгертнер өчигдөр Шинэ Мексикийн Розуэлийн элсэрхэг нутагт шүхрээр буухдаа цагт 1,342 км-ын хурдтай газардсан байна. Бомгартнерын дэлхийн дээд амжилт тогтоосон буултыг нисдэг тэргээр агаараас ажиглаж байсан юм. Түүнийг Розуэлдийн нутагт өвдгөөрөө газардахад цугласан олон дэмжигч нь нижгэнэсэн алга ташилтаар угтжээ.

Бомгартнер дэлхийн гадаргуугаас 38,6 км-ын өндөр гарч эх дэлхийдээ амжилттай газардаж чадлаа. Олон улсын агаарын спортын хороо болон Австрийн спортын хорооноос Бомгартнерын буултыг ажиглаж, амжилтыг нь баталсан юм. Алдарт шүхэрчин амжилттай газардсаныхаа дараа хэвлэлийн бага хурал дээр “энэ тухай дүрслэхэд ч бэрх, шүхрээр бууж байхдаа хэр хурдтай явж байгаагаа мэдэх аргагүй байдаг юм” гэж хэлсэн байна.

Бомгартнерыг дэлхийн агаар мандалд орж ирэх үед түүний битүү даралттай тусгай хувцасны дуулганы хэсэгт уур гарч, үзэгдэх орчин хязгаарлагдсан юм байна. Гэхдээ капсулаас мултарсны дараа дуулганд үүссэн манан арилж, шүхрээ дэлгэхэд саадгүй болсон байна. Феликсийг капсулаас гарахад агаарын хэм хасах 57 байсан юм. Харин капсулд шүхэрчнийг ажиглаж байхаар 30 орчим камер суурилуулсан байжээ.

Энэ жил 43 настай, Австрийн Салцбург хотын хүү цэрэгт шүхрийн ангид алба хааснаасаа хойш нийтдээ 2,500 гаруй удаа шүхрээр буусан амжилт үзүүлээд байна. 1960 онд шүхэрчин Жое Киттингер дэлхийн агаар мандлаас дээш 31,4 км-ын өндрөөс шүхрээр бууж байсан юм. Түүний хурд цагт 988 км-т хүрч байжээ. Өчигдөр болсон үйл явдлын гэрч болсон хүмүүсийн дунд 80 нас хол давсан шүхэрчин Киттингер ч мөн байсан юм.