From the archive · Wildlife & Environment

Аварга биет яст мэлхийг занданшуулан хадгалах гэж байна

UBS

Өдгөө ховордоод буй аварга биет яст мэлхийн эх нутаг болсон Галапагосын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн ням гаригт Галапагос хэмээх ховор төрөл зүйлийн яст мэлхий нас барсан байна. Эрдэмтэд энэхүү яст мэлхийн амьдрах хугацаа дуусаагүй байсан хэмээн үзэж байгаа бөгөөд нас барсан шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байна.

Ла Пинтагийн арал дээр орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Галапагос хэмээх ховор зүйлийн яст мэлхий нутагладаг юм. Тэгвэл энэхүү цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг “Ганцаардмал Жорж” нэрт аварга яст мэлхий өчигдөр нас баржээ. Түүнийг 100 орчим настай байсан хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа бөгөөд энэ төрлийн яст мэлхий нь маш урт насалдаг учир “Жорж” дахиад хэдэн арван жил амьдрах боломжтой байсан ажээ. Уг яст мэлхийг 1976 оноос хойш Галапагосын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдарч байх хугацаанд нь эрдэмтэд түүний үр удмыг авч үлдэхээр олон удаа оролдож байсан боловч амжилтад хүрээгүй юм.

Галапагосын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Эдвин Наула хэлэхдээ:

“Бид “Ганцаардмал Жорж”-ийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Удахгүй шинжээчдийн дүгнэлт гарна. Бид түүнийг занданшуулан хадгалахаар төлөвлөж байна. Ингэснээр түүнтэй уулзаж чадаагүй хүмүүс “Жорж”-ийг дахин харах боломжтой болно. “Ганцаардмал Жорж”-г хүмүүс дахин харснаараа хүрээлэн буй байгаль дэлхийгээ хамгаалах, хайрлах эрмэлзэлтэй болно гэж найдаж байна.”

Галапагос хэмээх аварга яст мэлхийн тоо толгой хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагааны улмаас ихээхэн багассан юм. Одоогоор Чарлез Дарвины Сан тэдний тоо толгойг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Аварга яст мэлхийг хамгаалах ажиллагааны ачаар 1974 онд 3000 хүртлээ цөөрөөд байсан бол өдгөө хорин мянга орчимд хүрээд байгаа юм.