From the archive · Politics & Elections

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Афганистанд гэнэтийн айлчлал хийв

UBS

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн ням гаригт Афганистан улсад айлчилсан байна. Аюулгүй байдлын үүднээс Барак Обамагийн айлчлалын талаар нууцалж байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр тохиож байгаа АНУ-ын армийн хүчин зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлэх өдрийн өмнөхөн Афганистан дахь цэргүүдтэйгээ уулзсан юм. Обама Афганистан улсад хийсэн гэнэтийн айлчлалынхаа үеэр нийслэл Кабул хотод хөл тавьсангүй, харин Кабулын ойролцоо байрладаг Баграмын нисэх хүчний баазад зочилж, цэрэг армийн албан хаагчидтайгаа уулзсан байна.

Барак обама Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзайг Баграмын агаарын баазад урьж, уулзахыг хүссэн ч Хамид Карзай Обаматай зөвхөн ерөнхийлөгчийн ордонд л уулзана гэсэн болзол тавьсан тул хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзаагүй.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама

Би 9 дүгээр сарын 11-ний өдрийн дурсгалд зориулан Нью-Йоркт барьсан музейтэй танилцсан. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг зурагт хуудсан дээрээс харах амаргүй байлаа. Гэхдээ бид одоо шилжилтийн үед явж байна. Шилжилтийг бид хэрхэн зохион байгуулах нь чухал болоод байгаа юм. Чухал шийдвэр гаргахын өмнө Афганистаны эрх баригчидтай нүүр тулан уулзах хэрэгтэй. Энэ улсад өнгөрсөн хугацаанд алба хаасан та бүхэнд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Та бүхэн үүрэгт ажлаа маш сайн хийж гүйцэтгэлээ. Афганистаны ард түмэн улс орноо хамгаалах боломжийг бидэнд олгосонд бахархаж байна.

Энэ оны эцэс гэхэд АНУ Афганистанаас цэргээ бүрэн татсан байх юм. Харин үүний дараа Афганистаны арми аюулгүй байдлаа бие даан хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй тул АНУ Аюулгүй байдлын гэрээ байгуулж, цөөн тооны цэргээ үлдээх сонирхолтой байгаа юм. Хамид Карзайн хувьд АНУ-тай аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан.

Тэгвэл ирэх 6 дугаар сард Афганистан улсын ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дугаар шатны санал хураалтаар Хамид Карзайн дараа тус улсыг тэргүүлэх ерөнхийлөгч тодорно. Шинээр гарч ирэх удирдагч Аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурна гэдэгт АНУ найдаж байна.